АШИГТ МАЛТМАЛ ГАЗРЫН ТОСНЫ ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗАР ГЕОЛОГИЙН МЭДЭЭЛЛИЙН ТӨВ БАЙГУУЛЛАГЫН ТОВЧ ТҮҮХ 1921 онд Монгол улсад үндэсний хувьсгал ялснаас хойш эх орны баялгийг судлах явдал улсын мэдэлд шилжиж, түүнтэй холбогдсон баримт материалын хуримтлал үүсэх бололцоо нөхцөл бүрдсэн байна. Ялангуяа ЗХУ-ын ШУА, Геологийн Хорооны тусламжтайгаар геологийн судалгааны ажлыг эхэлж, 1923 оноос анхны анги, экспедицийг ажиллуулж эхэлсэн нь манай орны геологи ашигт малтмалын судалгааны баримт материал үүсэх анхны алхам болсон юм. Улмаар 1931 онд Дорнодын геологи хайгуулын экспедиц, 1938 онд БНМАУ-ын Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн (ШУХ) геологийн тасаг, 1939 онд Аж үйлдвэр, барилгын яамны Уурхай ашигт малтмалын трест, 1943 онд Монгол-Зөвлөлтийн хувь нийлүүлсэн "Сов-Монгол металл" нийгэмлэг, 1947 онд "Монгол нефть" хэмээх үйлдвэрийн газрууд байгуулагдаж, геологи хайгуулын ажил өргөн хүрээтэй хийгдэж ирсэн нь геологийн баримт материалын хуримтлал харьцангуй богино хугацаанд түргэн өсөх зохимжтой нөхцлийг бүрдүүлжээ.
 Улсын Геологийн фондын анхны дарга, доктор Ж.Дүгэрсүрэн 1956 онд Монгол орны геологи, ашигт малтмалын тархалтын зүй тогтлыг олон жил судалсан Зөвлөлтийн геологи хайгуулын Дорнодын экспедиц,"Сов–Монгол металл" нийгэмлэг геологийн үйл ажиллагаагаа манай оронд дуусгаж, өөрийн фондод хадгалагдаж байсан геологийн судалгааны материалын зохих хувийг Шинжлэх Ухааны Хүрээлэнд шилжүүлж өгсөнөөр манай орны геологийн судалгааны баримт материалын фонд үүсэх эхлэл тавигдсан байна. 1957 онд үндэсний геологийн албыг өргөтгөн БНМАУ-ын Сайд нарын зөвлөл (СнЗ) -ийн дэргэд Геологи шинжилгээний газрыг (ГШГ) байгуулж геологийн үйлдвэрлэл, эрдэм шинжилгээний ажлыг гүйцэтгэж байсан байгуулгуудыг төвлөрүүлсэн нь геологийн улсын нэгдсэн хадгаламж байгуулах чухал нөхцөл болжээ. БНМАУ-ын СнЗ-ийн 1957 оны 11-р сарын 27-ны өдрийн 641-р тогтоолд «Улсын хэмжээгээр геологийн фондыг нэгтгэж хадгалахын чухалыг харгалзан, ГШГ-ын дэргэд Улсын геологийн фондыг байгуулж түүнд улсын хэмжээгээр урьд хийгдсэн ба хойшид хийгдэх геологи шинжилгээний ажлын бүх фондыг нэгтгэн хадгалж байсугай» гэж заасны дагуу ШУХ, Нефть хайгуулын Чойбалсан хот дахь контор, 54-р трест зэрэг газруудаас геологийн баримт материалыг хүлээн авч төвлөрүүлэх замаар Улсын геологийн фондыг байгуулсан байна. Ийнхүү Улсын геологийн фонд нь 1957 онд ГШГ-ын харъяанд 2 орон тоо (дарга: анхны геологич Ж.Дүгэрсүрэн, номын санч: Г.Мэндбаяр)–тойгоор анх зохион байгуулагдан үүссэнээс хойш цаг үеийн онцлог, шаардлагаар ГШГ, НАХЯ, Геологийн Яам, ТЭХҮЯ, Монголын Геологийн алба, ЭХГУУЯ зэрэг төрийн байгууллагуудын харъяанд орж ирсэн бөгөөд 1997 онд АМХЭГ-ын Геологийн алба (одоогийн АМГТХЭГ-ын Геологийн газар)-ны харъяа Геологийн мэдээллийн төв болсон байна. Улсын геологийн фонд (ГМТ-ийн архив) нь БНМАУ-ын СнЗ-ийн 1960 оны 216-р тогтоолоор улсын чанартай 27 архивын нэгд тооцогдон батлагдсан бөгөөд одоо Архивын тухай хуулийн заалтын дагуу төрийн тусгай архивын тоонд “Геологийн баримтын төв” нэрээр бүртгэгдсэн манай улсын томоохон салбар архивын нэг юм. Улсын геологийн фондыг 1997 оны 5-р сарын 30-ны өдрийн Засгийн газрын 132-р тогтоолоор АМГТХЭГ-ын Геологийн газар (хуучнаар АМХЭГ-ын Геологийн алба)-ын бүтцэд нэгтгэж, ГМТ гэж нэрлэсэн байна. Геологийн мэдээллийн төв (УГФ) нь байгуулагдсан цагаасаа эхлэн Монгол улсад геологи, ашигт малтмалын судалгааны ажлын чиглэлээр гүйцэтгэсэн ажлын үр дүнтэй холбогдолтой тайлан, мэдээ, баримтыг архивлан хадгалах, сонирхсон хэрэглэгчдэд дээрх материалаар үйлчлэх, геологи судалгааны ажилд шинэ дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх талаар гадаад, дотоодын байгууллагуудтай хамтран ажиллах зэрэг цаг үеийн шаардлага, хэрэгцээтэй уялдан "хадгаламжийн", "номын сангийн", "мэдээллийн" байгууллагын шинжтэйгээр үйл ажиллагаагаа явуулж ирлээ. Өнөөдөр ГМТ нь жил бүр улсын төсвийн хөрөнгөөр 6-7 төсөв хэрэгжүүлж ажилладаг, 80 гаруй ажилтантай томоохон байгууллага болон өргөжөөд байна.
|